Friday, October 30, 2015
Бизнесийн удирдлага /менежмент/
Менежментийн тухай ойлголтууд
Хүмүүсийн үйл ажиллагааны нэг онцлог нь удирдан зохицуулагдах шинж чанар юм. Үүгээрээ адгуусны зөн билгээс ялгагддаг. Нийгмийн хөдөлмөрийн хуваарийн үр дүнд менежмент гэдэг хүмүүсийн үйл ажиллагааны бие даасан төрөл гарч ирсэн. Энэ ажлыг эхний үед нэг хоёр хүн, дараа нь хэсэг бүлэг хүн, бүр сүүлдээ тодорхой байгууллага гүйцэтгэх болж удирдах ажил эрхэлдэг хүмүүс тэдгээрийг нэгтгэсэн байгууллага, зохион байгуулалтын бүхэл бүтэн бүтэц үүссэн. Гэвч энэ нь нийгмийн хөгжлийн шаардлагыг бас л хангаж чадаагүй. Менежментээ сайжруулж чадсан байгууллага үр дүнд хүрч байв. Хүмүүсийн урт удаан хугацааны хүчин чармайлтын үр дүнд байгууллагыг удирдах үйл ажиллагаа нь бие даасан мэргэжил болон хувирчээ. Энэ нь эдийн засагч, эмч мэргэжил байдагтай нэгэн адил тусгайлсан боловсрол, мэргэжил мөн.
v Удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс, хүний мэдлэгийн цогцыг менежмент гэнэ. Энэ мэргэжлийг эзэмшсэн мэргэжилтэнг менежер гэж хэлнэ.
Менежер. Менежерийн ур чадвар, мэдлэг боловсрол, дадлага туршлагаас байгууллагын амжилт, удаан оршин тогтнох чадвар шалтгаална. Менежер нь удирдан чиглүүлэгч төдийгүй сайн манлайлагч байх ёстой. Үүний зэрэгцээ асуудлыг шийдэх, олон сонголтоос хамгийн оновчтойг сонгох чадвартай байх нь чухал. Эндээс үзвэл байгууллага, хамт олны өмнө менежерийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага асар их юм.
Менежмент нь шинжлэх ухаан болохын хувьд энэ зууны 30-аад оноос бүрэлдэж эхэлжээ. Удирдах албан тушаал олон янз: ерөнхийлөгч, ерөнхий сайд, компанийн захирал, мэргэжилтэн гэх мэт. Эдгээр нь хамрах хүрээ, хариуцлага, ажлын шинж чанарын хувьд бие биенээсээ ялгаатай боловч тэдгээрт нийтлэг зүйл байдаг. Энэхүү энэ нийтлэг үндэслэлийг менежментийн ухаан судалдаг байна.
Удирдах ажил бусад үйл ажиллагаанаас ялгагдах өвөрмөц онцлогтой. Менежментийн ухаан янз бүрийн төвшний өөр хоорондоо ялгаатай удирдах ажлын шинж чанарыг судалсны үндсэн дээр бүх төрлийн удирдах ажилтанд зайлшгүй шаардлагатай хамгийн нийтлэг ажилбаруудыг гаргаж иржээ. Удирдах үйл ажиллагааны эдгээр төрлүүдийг удирдлагын чиг үүрэг (function) гэж нэрлэж заншсан юм. Ингэхлээр менежмент – юуны өмнө удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх ажиллагаа юм.
Удирдлагын ерөнхий чиг үүргүүдэд:
1. Төлөвлөх,
2. Зохион байгуулах,
3. Мотиваци, Манлайлал
4. Хяналт хамрагдана.
Төлөвлөлт: Энэ нь байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нийт арга замыг олон хувилбараар боловсруулж, түүнээс аль оновчтойг нь сонгох ажиллагаа юм. Төлөвлөлтийн үндсэн дээр байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замууд тодорхойлогдоно. Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөнө гэдэг нь дараах үндсэн гурван асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг. Үүнд:
1. Байгууллагын одоогийн оршин байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгнө. Энэ нь байгууллагын дотоод орчны сул ба давуу талыг тодорхойлно гэсэн үг. Ийнхүү тодорхойлохдоо маркетинг, хүн, технологи, зохион байгуулалтын бүтэц, санхүү, нягтлан бодох бүртгэлийн байдал, байгууллагын соёл гэх мэт олон хүчин зүйлсийг авч үздэг. Ингэснээр одоо бид хаана хүрээд байна вэ? гэдэг нь тодорхой болно.
2. Байгууллагын цаашдын хөгжлийн төлөв байдлыг тодорхойлно. Энэ нь байгууллагын гадаад орчны боломжит болон боломжит бус байдлыг нь тодорхойлно гэсэн үг.
3. Байгууллага тавьсан зорилгодоо хүрэхийн тулд чухам юу хийх ёстойг тодорхойлно. Ингэснээр байгууллага дахь бүлгүүдийн нийт гишүүд ямар төрлийн үйл ажиллагаа, үйлдлийг хэзээ хэрхэн, яаж гүйцэтгэх шаардлагтай нь тодорхой болно.
Зохион байгуулалт: гэдэг бол байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүн, материал, түүхий эд, мэдээлэл, санхүүгийн бүх төрлийн нөөцийг оновчтойгоор нэгтгэн зангидах үйл явц юм. Энэ нь байгууллагын нийт үйл ажиллагаа, үйлдлийг тодорхой нэгж хэсгүүдийн хооронд, хувь хүмүүсийн хооронд хамгийн оновчтой, үр ашигтай хэлбэрээр хуваана гэсэн үг. Зохион байгуулалтын бүтцийн шугаман, штабын, шугаман функцианаль бүтэц, газар нутгийн болон матриц, глобаль гэх мэт олон хэлбэрүүд байдаг. Байгууллага өөрийн зорилго, гадаад болон дотоод орчин, хэрэглэгчдийн байдлаа тодорхойлсны үндсэн дээр бүтцийн дээрхи төрлүүдээс өөртөө тохирох хэлбэрийг сонгодог..
Мотиваци: гэдэг бол байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нийт ажиллагчдыг татан оролцуулахад байгууллагын зүгээс нөлөөлөх үйл явц юм.
Үндэслэлтэй төлөвлөгөө боловсруулж, сайн зохион байгуулалт хийж, удирдагч өөрөө үлгэр жишээ ажилласнаар бүх асуудал амжилттай шийдвэрлэгдэхгүй. Хүмүүст нөлөөлөх арга хэлбэрийг оновчтой сонгох нь бусдын хүчээр тавьсан зорилгодоо хүрэх чухал нөхцөл бүрддэг. Хүмүүс хэрэгцээгээ хангахын тулд хөдөлмөрлөдөг. Хэрэгцээнд нөлөөлөх замаар хүмүүсийг ажиллуулах аргыг идэвхжүүлэлт гэнэ.
Хяналт: бол байгууллага өмнөө тавьсан зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодорхойлох, буруу үйлдлийг зогсоох, урьдчилан сэргийлэх ажиллагаа юм.
Байгууллага үр ашигтай үйл ажиллагаа явуулахын тулд удирдлагын дээд, дунд, доод төвшинг хамарсан хяналтын оновчтой системийг тогтоох нь чухал. Байгууллагын доторхи хяналтыг урьдчилсан, явцын, төгсгөлийн буюу эргэх холбооны гэж ангилан үздэг. Хяналтанд материал түүхий эд, хүн хүч, санхүүгийн бүхий л нөөц хамрагдана.
Менежментийг дан ганц чиг үүрэг, үйл явцын үүднээс үзэж болохгүй. Байгууллагыг амжилттай удирдахын тулд хүмүүсийн харилцаа, сэтгэл зүй, үүрэг даалгаврын харилцан хамаарал, системийн онол, тооны ухаан зэрэг олон шинжлэх ухааны ололтыг менежментэд өргөн ашиглах шаардлагатай. Иймээс зөвхөн өөрийн орны онцлогийг харгалзсан төдийгүй дэлхийн зах зээл дээр үр бүтээлтэй ажиллаж чадах, олон улсын төвшинд хүрсэн менежмент байх шаардлагатай. Байгууллага үйл ажиллагаагаа төлөвлөх, зохион байгуулах, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, урамшууллын болон хяналтын үр ашигтай системийг тогтооход мэдээллийн солилцоо ихээхэн үүрэгтэй. Байгууллагын менежер нь гадаад болон дотоод орчноос мэдээлэл хүлээн авч, түүнийгээ боловсруулж тарааж байдаг. Мэдээлэл бол удирдах ажлын үндсэн түүхий эд гэж хэлж болно. Менежментийн эдгээр хэлбэрүүдийн дотор хүний нөөцийн менежмент гол байр суурь эзэлдэг.
Хүний нөөцийн менежментэд хүн хүчний төлөвлөлт, шагнал, урамшуулал, албан тушаалын шинжилгээ, тодорхойлолт хийх, гүйцэтгэлийг дүгнэх гээд олон асуудлыг судалдаг. Байгууллагын менежментийг сайжруулахын тулд түүний хамрах хүрээг авч үзэх нь чухал.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment